Pre-loader

EURUSD: БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭГДҮҮЛЭХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА

Сонирхолтой түүх

JAMES HARRIS SIMONS: АРИЛЖАА БОЛ ШИНЖЛЭХ УХААН

James Harris Simons  хэдийгээр арилжаа бол шинжлэх ухаан гэж үздэг ч өөрийн асар их амжилт, суу ухаантны нэр хүндээ цэвэр аз гэж итгэдэг нэгэн юм. “Би албан өрөөндөө орж ирэхдээ “өнөөдөр би хэр ухаантай байгаа бол гэж  өөрөөсөө асуудаггүй. Би өнөөдөр хэр азтай байна вэ гэж боддог” гэж нэгэн ярилцлагадаа дурджээ. Тэрээр өөрийгөө магтаж дэвэргэхгүй байх үзлээс шалтгаалж АЗ гэдэг үгийг байнга хавчуулж ярихад хүргэдэг байна. Үнэндээ бол даруухан, өөрийгөө дөвийлөхгүй дургүй, өөрийгөө байнга дарж байдаг энэ эрхэм дэлхийн хамгийн ухаалаг тэрбумтан гэх нэршлийг олон нийтээс хүртсэн юм. Бага наснаасаа математикт гаргуун байж Massachusetts Institute of Technology-д бакалавр, Berkeley-д PHD болсон нь авъяаслаг, ухаалаг нэгэн болохыг харуулна. Шөнийн 2 цаг хүртэл кофе ууж тоо бодох нь чухам энэ насны жаргал гэж боддог байв. Гэвч асар их мөнгө эргэлдсэн санхүүгийн зах зээл түүнийг онолын математикаас бага зэрэг холдуулж улмаар хөрөнгийн зах зээлд гүн гүнзгий татагдан ороход хүргэсэн байна. Ингээд 1978 онд өөрийн сангаа байгуулав. Энэ сан нь астрофизик, хэл шинжлэл, програмчлал, код тайлагч, статистикч, инженерүүдээр багаа бүрдүүлсэн нь тухайн үедээ хачирхалтай сонсогдож байв. James Harris Simons тэднийг санхүүгийн бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг урьдчилан таамаглах компьютерт суурилсан арга барил боловсруулах зорилгоор ажиллуулж байсан юм. Энэ арга барил нь quantitative investing гэх арга барилыг ихээхэн үнэ цэнтэй болгож James Harris Simons-ийг 'The Quant Father' ----'The Quant King' гэх алдар нэртэй болгожээ. Түүний багт үнэндээ маш цөөн тооны санхүүгийн салбарын мэргэжилтэн байдаг. Сэтгэл хөдлөлөөс зайлсхийхийн тулд бүхий л тооцоо таамгаа тоогоор илэрхийлж хамгийн өндөр магадлалтай арилжааг хайж олохыг чухалчилдаг байна. Түүний энэ арга хэр зөв болохыг мэдэхгүй ч үүсгэн байгуулсан Renaissance Technologies сан 65 тэрбум, өөрөө 18 тэрбумын хөрөнгөтэй болжээ. Уг сангийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2009 онд буусан ч идэвхтэй хэвээр ажиллаж байгаа ба ихэнх цагаа буяны үйлсэд зориулах болжээ. Матетматик, шинжлэх ухааны хамгийн том хувийн сан болох Simons Foundation-ийг байгуулж эхнэр Marilyn тэргүүнээр нь ажиллаж байна. Тэд хандивынхаа 1/3 хувийг аутизмын судалгаанд буцалтгүй тусламж хэлбэрээр олгодог байна. Учир нь тэдний охинд аутизмын хөнгөн хэлбэрийн онош тогтоогджээ. Бусад хандиваа урт удаан хугацаанд үр дүн нь гардаг, заримдаа үр дүнгүй ч өнгөрч магадгүй учраас санхүүжилт олж авахад хэцүү шинжлэх ухааны төслүүдэд  зарцуулдаг байна. Тэрээр New York мужид их дээд сургуульд хамгийн их хандив өгсөн хүн болсон юм. Мөн Уолл Стрийтийн хамгийн өгөөмөр хүн гэх алдар ч дагалдах болов. Тэрээр “Амжилттай арилжаа хийх нь төрөлхийн авьяас биш харин зааж болох шинжлэх ухаан юм” гэж нэгэнтээ ам алдсан ч “Гэхдээ аз бүхнийг орлож чадна” гэж булзааруулсан байна.

Бусадтай хуваалцах: